МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ТООЦООЛОЛ ШУУРХАЙ ХИЙХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

2021.03.11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэг чиглэл нь МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН АРГА, ХЭРЭГСЭЛ; СУДАЛГААНЫ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ явдал юм.

Энэ зорилтын хүрээнд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газар эдийн засгийн шинжилгээ, судалгаа, тооцоолол хийх, эдгээр ажлын үр дүнг тайлагнах зарим үйл ажиллагааг автоматжуулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Автоматжуулалт нь ажлыг 1) илүү шуурхай гүйцэтгэх; 2) Хүний хүчин зүйлээс хамааралтай алдааг бууруулах давуу талтай. 

Эдийн засгийн бодлогын газарт хэрэгжүүлж буй автоматжуулалт доорх онцлогийг агуулж байна. Үүнд: 1) Төрийн мэдээлэл солилцооны систем, Сангийн яамны дотоод систем зэрэг өмнө нь хөгжүүлсэн эх үүсвэрийг ашиглах замаар хөгжүүлэлтийн зардлыг хэмнэсэн; 2) Бодит цагийн горимд түшиглэсэн; 3) Цаашид нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой. 

Автоматжуулалтын чиглэлээр гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал: 

Нэг. Макро-эдийн засгийн тооцоо, шинжилгээнд шаардлагатай тоон мэдээллийг бодит цагийн горимоор татан авах үүрэг бүхий программыг хөгжүүлэн ашиглаж байна. 

Макро-эдийн засгийн шинжилгээ, тооцоолол, судалгаанд шаардлагатай тоон мэдээллийг бодит цагийн горимоор татан авах үүрэг бүхий төслийн хүрээнд хөгжүүлсэн программ нь i) Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн захиргааны байгууллагуудын эх үүсвэрээс татан авч ашиглахын зэрэгцээ ii) Үндэсний статистикийн хорооны Статистикийн мэдээллийн нэгдсэн сан (www.1212.mn)-д шууд холбогдон хэрэгцээт мэдээллийг хүлээн авч ашиглах боломжоор хангаж байна. 
Энэ программ нь цахим хуудсанд суурилсан (web-based) болон суурин компьютерт зориулсан гэсэн хоёр хувилбартай ба мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Сангийн яамны дотоод сүлжээгээр дамжин ашиглагдахаар тохируулсан онцлогтой юм.
Программыг нэвтрүүлснээр бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргах түвшний төрийн албан хаагчдыг улс орны нийгэм-эдийн засгийн холбогдолтой тооцоо, судалгааны мэдээллээр тухай бүр нь хангах ажлыг илүү шуурхай, илүү үр дүнтэйгээр гүйцэтгэх боломжтой болж байна. Мөн энэ программыг хөгжүүлснээр Сангийн яам мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авах төдийгүй ирээдүйд бусад төрийн байгууллага хооронд мэдээллийг харилцан илүү уян хатан шийдэлтэйгээр шуурхай, аюулгүй, найдвартай харилцан солилцох бас нэгэн алхмыг тавилаа.
Хоёр. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах дэд системийг нэвтрүүллээ.
Энэ системийг хөгжүүлснээр Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа зориулан Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл баримтлал 2030, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, бусад хөгжлийн урт, дунд богино хугацааны баримт бичгүүдийн уялдаа болон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар төлөвлөх, гүйцэтгэлийг хянах ажлыг илүү хялбарчилсан байдлаар удирдан зохион байгуулах боломжтой болсон. Тухайлбал, тус мэдээллийн сан (National_policy_index data base)-г ашиглан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг зорилт, арга хэмжээний уялдаа, шаардагдах хөрөнгийн мэдээллийг нэгтгэх үйл ажиллагааг гүйцэтгэхэд ачаалах хурднаас хамааран нэг ажилтан 5 хүртэлх минутын хугацаа шаардаж байна. 
Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах дэд систем нь 1) Мэдээллийг оруулах, боловсруулах, үр дүнг тайлагнах боломж олгодог тусгайлсан программ; 2) Холбогдох мэдээллүүдийг агуулсан файл, хүснэгт зэргийг агуулсан өгөгдлийн сан; 3) Сангийн яамны дотоод сүлжээнд суурилсан холбоос системээс бүрдэх бөгөөд тусгайлан техник хангамж шаардалгүйгээр Сангийн яамны дотоод серверт түшиглэн ажиллах боломжтойгоор зардлыг хэмнэсэн онцлог давуу талтай болсон. Системийн өөр нэг онцлог давуу тал нь шаардлагатай мэдээллийг хүснэгтлэн үзүүлэхийн зэрэгцээ дүрслэл ашиглан үр дүнг ойлгоход илүү хялбар байдлаар үзүүлэх боломжтой болсон. 

Гурав. Мэдээллийн шуурхай байдал, урсгалыг сайжруулах зорилгоор гар утсанд суурилсан PowerApps аппликейшнийг хөгжүүлж байна. 

Мэдээллийн шуурхай байдал, урсгалыг сайжруулах, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргах түвшний албан хаагчдыг шаардлагатай мэдээллээр орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр шууд хангах зорилгоор “Мэдээллийн шуурхай байдал, урсгалыг сайжруулах гар утсанд суурилсан PowerApps аппликейшн”-ийг хөгжүүлж байна. Энэ аппликэйшнийг ашиглан Сангийн яамны албан хаагчид Эдийн засгийн бодлогын газраас гүйцэтгэсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн тооцоолол, Улсын төсвийн гүйцэтгэл зэрэг мэдээлэл шууд авах, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ, олон улсын зах зээлийн гол индексүүд, таваарын зах зээлийн мэдээлэл зэрэг дэлхийн зах зээлийн мэдээллийг бодит цагийн горимд хүлээн авч, ашиглах боломжтой боллоо.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »