2023.01.20
Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ.
Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд төсөвт байгууллагын бүртгэл хийх, тайлан оруулах талаарх үе шаттай сургалтыг цахимаар 34, танхимаар 5 удаа зохион байгуулж, улс, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагын нийт 8,527 албан тушаалтан хамрагдаад байна. Шинэчилсэн системд нийт 4,897 байгууллага, 7,433 хэрэглэгч бүртгэгдэж, хуулийн хэрэгжилтийг хангах боломжийг бүрдүүлээд байна.
Системийн шинэчлэлийн гол давуу тал нь Сангийн яамны төсөв, санхүүгийн системүүд болон бусад томоохон систем, мэдээллийн сантай шууд холбон мэдээлэл оруулах гар ажиллагааг хөнгөвчилж, цахим хуудасны мэдээллийг олон улсын нээлттэй өгөгдлийн стандартын дагуу татаж авах, дахин ашиглах боломжтой боллоо.