ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

    Дунд хугацааны зарлагын хүрээнд шилжихэд одоогийн төсвийн төлөвлөлтийн систем дэх өгөгдөл боловсруулах болон дамжуулах процессыг автоматжуулах, гүйцэтгэлийн үр дүнг хэмжих  функцүүдийг шинээр нэмэх  зэрэг сайжруулалт хийх нь төсвийн харилцаанд оролцогч талуудын техник ачаалал, цаг хугацааг хөнгөвчлөх, төсвийн дүн шинжилгээний найдвартай байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой тул энэ нь төсвийн шинэчлэлийн чухал бүрэлдэхүүн болох юм.  

    Төсвийн төлөвлөлтийн системийн шинэчилсэн хувилбар нь бодлого болон төсвийн уялдааг харуулж хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулах төсвийн хязгаар тогтоож, баталгаажуулах, хуваарилах, зохицуулалт хийх болон дунд хугацааны орлого, зарлагын төсөөлөл гаргах, хөтөлбөрийн хүрэх үр дүнг хэмжих боломжийг олгох юм. 

    Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Үр дүнд суурилсан дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн системийг сайжруулах багаас төсвийн төлөвлөлтийн мэдээлэл боловсруулалтын одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр систем  сайжруулалтын ерөнхий зураглал буюу шаардлагатай нэмэлт функцүүд болон процессыг дараах байдлаар тодорхойлоод байна. Үүнд:

  1. Хэрэглэгчийн түвшин – Системийн хамрах хүрээг тэлж, байгууллагын түвшнээс эхлээд бүртгэнэ. Энэ нь доороос дээш төсөвлөлт, өгөгдөл мэдээллийг бүртгэх дамжуулах нэгтгэх ажлуудыг автоматжуулахад чухал ач холбогдолтой.
  2. Автоматжуулалт – Төсвийн санал, хуваарь, хуваарийн өөрчлөлтийг онлайнаар шинэ системээр хийх бөгөөд дунд хугацаанд төсөвлөх боломжуудыг бүрдүүлнэ.
  3. Холболтууд – Сангийн яамны санхүүгийн системүүд болон салбаруудын хөндлөнгийн системүүдтэй холбогдож өгөгдлийг боловсруулснаар ажилтнуудын техник ажлуудыг хөнгөвчлөх, нэг мэдээллийг давхардуулж авахгүй байх, өгөгдөл мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад туслалцаа үзүүлнэ.
  4. Олон нийт хэсэг – Төсвийн төлөвлөлтийг хүрэх үр дүнгийн үзүүлэлттэй холбож танилцуулснаар төсвийн төлөвлөлтийн үе шатанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллээр хангах ач холбогдолтой.
  5. Өгөгдөл боловсруулалт – Хувилбарт тооцоолол, зардлын хөдөлгөгч хүчин зүйлүүдийн боломжит өгөгдөл дээр үндэслэсэн зардлын хэтийн таамаглал гаргах хэсгийг хөгжүүлж өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтад туслалцаа үзүүлэх. Нэгдсэн төсөв боловсруулах процессыг хэсэгчлэн автоматжуулах юм.
  6. Үр дүнгийн хэсэг – Жилийн төсвийн хуулийн нэгдүгээр хавсралт буюу төсвийн ерөнхийлөн захирагч (ТЕЗ) болон хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн мэдээлэл боловсруулалтыг автоматжуулна. ТЕЗ нарын хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт бүхий нэгдсэн сан үүсгэж, боломжит өгөгдлүүдийг хөндлөнгийн системээс татах.