Өгөгдлийн сангийн үйл ажиллагааг сайжруулж, нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүллээ

2022.11.02

Сангийн яамны Санхүүгийн Мэдээллийн Технологийн хэлтэс нь Засгийн Газрын Санхүүгийн Удирдлагын Мэдээллийн Систем (ЗГСУМС), Төсөвт байгууллагын санхүүгийн тайлангийн E-Report, Аж ахуй нэгжийн тайлангийн E-Balance, Шилэн дансны систем, Төсвийн төлөвлөлтийн систем, Өрийн удирдлагын систем, Төрийн албан хаагчийн цалингийн нэгдсэн систем зэрэг Засгийн газрын чухал шаардлагатай 10 гаруй мэдээллийн системийг хариуцан ажилладаг. Эдгээр системүүдийн аюулгүй байдал, өгөгдлийн сангийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах нь технологи хурдтай хувьсан шинэчлэгдсээр байгаа өнөө үед цаг хугацаа, хүний нөөц, технологийн инновац зэрэг олон хүчин зүйлс шаардсан ажил бөгөөд дан ганц улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Иймд Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл болон Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд Сангийн яамны системүүдийн өгөгдлийн сангийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулах, нэгдсэн менежментийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд дараах үндсэн ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Өгөгдлийн санг тохируулах, оновчтой зохион байгуулалттай болгох, ачаалал өгч буй өгөгдлийн сангийн командуудыг илрүүлж тодорхойлох зэрэг системүүдийн ажиллагааг сайжруулахад чиглэсэн цогц бичиг баримтыг боловсруулан зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 
  • Системүүдийн хэвийн тасалдалгүй ажиллагааг хангах үүднээс өгөгдлийн сангийн Oracle Enterprise Manager Cloud Control нэгдсэн хяналтын системийг нэвтрүүлсэн. Уг шийдэл нь Сангийн яамны Дата төвд байршиж буй бүхий л өгөгдлийн сангийн үзүүлэлт болон нөөцөд нэгдсэн цонхноос хяналт тавьж ажиллах боломжтой болсон. 
  • Мониторингийн ханын дэлгэцүүд, албан ёсны эрх бүхий программ хангамж зэргийг нэвтрүүлэх замаар аливаа эрсдэлээс сэргийлэн, системүүдийн хэвийн үйл ажиллагааг 24/7 горимоор ханган ажиллах нөхцөл бүрдлээ. 
  • Мөн өгөгдлийн сангийн автомат нөөцлөлтийг хэрэгжүүлэн гамшгийн үеийн нөхөн сэргээлтийг хурдан шуурхай хийх боломжоор хангасан. Энэ нь дата төвийн үндсэн өгөгдөл хадгалах серверт асуудал үүсэхэд нөөц серверүүдээс мэдээллийг сэргээх боломжийг бүрдүүлж байна. 
  • Систем хооронд мэдээлэл солилцох Дундын сервис платформд зориулж үндсэн системүүдийн бодит цагийн горимын өгөгдлийн сангийн хуулбаруудыг (Data guard) үүсгэсэн ба энэ шийдэл нь үндсэн системүүдэд ачаалал өгөхгүйгээр мэдээлэл дамжуулах мөн өгөгдөл нөөцлөх давуу талтай.
  • Сангийн яамны систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж Оракл өгөгдлийн сангийн удирдлага, хяналт мониторингийг цаг алдалгүй, найдвартай авч явах ур чадварыг сайжрууллаа.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдсэн дээрх ажлуудын үр дүнд Сангийн яамны мэдээллийн системүүдийн найдвартай, хэвийн ажиллагаа ихээхэн сайжирч байна. Жишээлбэл тайлант үеүд болон ачаалал ихтэй өдрүүдэд өгөгдлийн сантай холбоотойгоор систем доголдох, үүнээс үүдэн Төрийн сангийн төлбөр тооцоо, тайлан хоцрох асуудлууд байдал багассан. Мөн цахилгааны болон бусад техник хангамжийн саатлаас үүдэн өгөгдлийн санд алдаа гарсан үед системийг өгөгдлийн алдагдалгүй, түргэн шуурхай эргэн хэвийн ажиллагаанд оруулах түвшин сайжирсан зэргээс төслийн үр дүн харагдаж байна.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »