ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛТАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦААРАЙ

2021.12.08

Монгол улсын Сангийн яам, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн туслалцаатайгаар “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ыг боловсруулан Сангийн сайдын 2019 оны 132 дугаар тушаалаар батлуулан, худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д өөрчлөлт оруулан журмыг хэрэгжүүлж байна.

Энэ журам нь тендерт оролцогчдод тендер шалгаруулалтын материалыг ил болгож захиалагч тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулсан эсэхэд хяналт тавих зорилготой.

Журам хэрэгжиж эхлэснээс хойш 2020 онд 2,520 компани, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 3,196 компаниуд шалгарсан компанийн материалтай танилцаж захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн эсэхэд хяналт тавьж ажилласан байна.

Мэдээллийн ил тод байдал нэмэгдсэнээр хөндлөнгөөс хяналт тавих боломж нэмэгдэж захиалагчийн хууль бус үйлдэлд гомдол гаргах, нөгөө талаас үндэслэлгүй гомдол гаргаж тендер шалгаруулалтыг удаашруулдаг асуудлыг шийдвэрлэж чадсан.

Тус журам тендерт оролцогч нарт ямар боломж олгож байгаа вэ?

Тендерт оролцогч нар тухайн оролцсон тендер шалгаруулалтад ялсан компанийн материалтай танилцаж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн үү, захиалагчийн шийдвэр алдаатай байсан юм биш биз? гэдэг асуултанд хариулт авах боломжтой.

Хэзээ танилцаж болох вэ?

Тухайн тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдсэн цаг хугацаанаас хойш ажлын 5 хоногийн хугацаанд, шалгараагүй бусад оролцогч нь шалгарсан тендерийн нууцлаагүй хэсэгтэй танилцаж болно.

Захиалагч ямар үүрэгтэй вэ?

Захиалагчийн байгуулсан тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үр дүн гарч, мэдэгдэл хүргүүлсэн өдрөөр “Худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-д үр дүнгийн мэдээллийг үнэн зөв, алдаагүй, товч бөгөөд тодорхой оруулж нийтэлнэ. Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдсэн хугацааг “Худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-ийн олон нийтэд зориулсан тендер шалгаруулалтын үр дүн цэснээс үзэх боломжтой.

Тендерийн баримт бичгийг боловсруулж байхдаа тендерт оролцогчийн заавал ил ирүүлэх ёстой мэдээллийг эсхүл нууцалж болох мэдээллийг тодорхой зааж өгнө.

Уламжлалт буюу цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж буй тендер шалгаруулалтын хувьд мөн адил албан хүсэлтийг үндэслэж, тухайн тендер шалгаруулалтад шалгарсан этгээдийн тендерийн материалын нууц биш хэсгийг танилцуулах үүрэгтэй.

Хэрэв шалгарсан тендерт оролцогчийн материалтай танилцах гэтэл идэвхгүй буюу үзэж болохгүй байвал яах вэ?

Тендерийн материалтай танилцах боломжит хугацаа дууссан буюу тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдсэнээс хойш ажлын 5-аас дээш хоног өнгөрсөн тохиолдолд материалтай танилцах боломжгүй байдаг.

Харин дээрх хугацаа дуусаагүй бол тухайн тендерийн материалыг бүхэлд нь нууцалж ирүүлсэн тохиолдолд энэ нь зөрчил юм. Захиалагч бүхэлд нь нууцалж ирүүлсэн тендерийг шалгаруулж, журам зөрчсөн гэх шалтгаанаар Сангийн яаманд гомдол гаргах боломжтой. Мөн тендерийн материалын нууцлах шаардлагагүй ч заавал ирүүлэх мэдээллийг нууцалж ирүүлсэн буюу ил байгаа хэсэгт байхгүй бол мөн гомдол гаргах бүрэн эрх тухайн тендерт оролцогч нарт нээлттэй. 

Анхаарах зүйлс

  • Тендерт оролцогч тендерийн материалаа бэлтгэн ирүүлэхдээ хэрэв тендерийн баримт бичигт нарийвчлан заагаагүй бол өөрийн байгууллагын болон ажилтнуудынхаа хувь хүний нууцад хамаарахаас бусад бүх мэдээллийг нууцлалгүй ирүүлнэ.
  • Мөн нууцалж буй материалаа тусад нь бэлтгэж, хамгийн эхний хуудсанд нууцалж буй шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлах хэрэгтэй.
  • Шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн материалтай танилцахдаа түүнийг хуулбарлан авах, өөр зорилгоор ашиглахыг хориглодог бөгөөд уг үйлдэл нь илэрвэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг.

Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журамтай эндээс танилцах боломжтой.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »