НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЦАХИМ СИСТЕМ (EHALAMJ.MN) АШИГЛАЛТАД ОРЛОО

4/21/2021

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, түүний ил тод, шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх томоохон зорилтуудын нэг билээ. Энэ зорилтын хүрээнд Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь орон даяар салбарын чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл, технологийн тогтолцоо, нөөцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. 

Нийгмийн халамжийн цахим систем (ehalamj.mn)-ийг хөгжүүлэх, нэвтрүүлэх явц нь Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг холбогдох байгууллагуудын оролцоонд тулгуурласан хамтын ажиллагаа юм. 

 

Нийгмийн халамжийн цахим системийг (ehalamj.mn) 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс үе шаттайгаар нэвтрүүлж, дараах 6 төрлийн үйлчилгээг системд нэвтрүүлэв. Үүнд: 

  1. Жирэмсэн эхийн тэтгэмж;
  2. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж;
  3. Ихэр хүүхдийн тэтгэмж;
  4. 0-18 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж; 
  5. Насны хишиг; 
  6. Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж.

Эдгээр нийгмийн халамжийн 6 төрлийн үйлчилгээнд давхардсан тоогоор 659,8 мянган  иргэн хамрагдаж байгаа нь нийт халамжийн үр шим хүртэгчдийн 25.8%-ийг эзэлж байна. 2021 онд иргэдэд сар бүр олгох давтамжтай бусад үйлчилгээнүүдийг шилжүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангаж байна. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2-3 жилийн хугацааны давтамжтай олгогддог хөнгөлөлт, тусламжууд, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг 2022 оноос шилжүүлэхээр төлөвлөсөн болно.

     

Шинээр хөгжиж буй цахим системийг нэвтрүүлэхэд салбарын ажилтнуудыг сургах, хэрэглээний явцад үүсэж болзошгүй асуулт, нөхцөл байдалд хугацаа алдалгүй хариу арга хэмжээ авах мэргэжлийн бэлтгэлийг хангах нь үйлчилгээний чанар, тасралтгүй байдал, хэвийн горимыг хангах үндсэн хүчин зүйлсийн нэг юм. Иймд Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг дэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтнуудыг бэлтгэх, сургах үйл ажиллагааг 2020 оны 8 дугаар сараас эхлэн зохион байгуулж нийт 766 ажилтныг хамруулав. Онол, практик хосолсон сургалтыг ХНХЯ, ХХҮЕГ, ГТСМТ-ийн хамтарсан нийт 25 сургагч багш нар хариуцан зохион байгуулав. 

Орон даяар нэвтрүүлсэн сургалтын зарим үр дүн:

  • Сургалтад оролцогчдын Халамжийн нэгдсэн систем /ehalamj/-ийг ашиглах мэдлэг, чадвар ойлголт мэдлэг нэмэгдсэн,
  • Программын түвшинд шийдвэрлэх боломжгүй кейсийг нарийвчлан судалж, холбогдох шийдлийг тодорхойлсон, 
  • Сургалтад оролцогчдод сургагч багшийн чадварыг эзэмшүүлэн цаашид салбарын дотооддоо мэдлэг, туршлагаа хуваалцах нөхцөл бүрдсэн,
  • Шинэ системийг боловсронгуй болгох тал дээр сургалтад оролцогчдын гаргасан санал, хүсэлтийг системийг хөгжүүлэгч байгууллагад уламжлан холбогдох сайжруулалтыг хийх боломж бүрдэв. 

Үүнээс гадна ehalamj.mn халамжийн нэгдсэн системд орсон 6 үйлчилгээний талаар 2 төрлийн боршур танилцуулгыг хэвлүүлэн аймаг, дүүргийн ХХҮГ, хэлтэст хүргүүллээ. Боршурыг төрийн байгууллагууд, зарын самбарууд зэрэг иргэд олноор цугладаг газарт байршуулав. 

Ehalamj.mn халамжийн цахим системийг нэврүүлэн ашигласанаар дараах үр дүнтэй байна:

  • Иргэний цаасаар бүрдүүлдэг баримт бичгийн тоо буурсан;
  • Иргэдийн төрийн үйлчилгээг авахад зарцуулдаг хугацааг хэмнэсэн; 
  • Иргэн банк харгалзахгүйгээр өөрийн нэрийн дансаар дамжуулан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авдаг болсон;
  • Өөрийн гаргасан өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой болсон;
  • Ковид 19 цар тахлын хөл хорионы үед иргэд халамжийн байгууллага болон банканд очилгүйгээр цахимаар үйлчилгээгээ авч байгаа ба ямар нэгэн гомдол санал байхгүй байна. 
  • Сум, хорооны нийгмийн ажилтан болон халамжийн байгууллагын ажлын ачаалал буурч эмзэг бүлгийн иргэдийг хөгжүүлэх, зөвлөх сургах зэрэг мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх боломж нэмэгдэж байна. 

NEWS
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

4/3/2023

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

3/23/2023

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

3/7/2023

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2/28/2023

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

1/20/2023

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

1/11/2023

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Other news »