Ч.Билгүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын мэргэжилтэн

Даатгал болон эрсдэл гэх ойлголтууд нь салшгүй холбоотой. Эрсдэл гэдэг нь ямар нэгэн байдлаар хохирол дагуулж болзошгүй хүнд нөхцөлийг бий болохыг хэлдэг бол уг учирсан эрсдэлийг санхүүгийн дарамтгүйгээр давж гарах боломжийг даатгал олгодог юм. Тиймээс Даатгагчийг тухайн эрсдэлийг дааж чадахуйц хэмжээний хөрөнгө, нөөц сантай байхыг зохицуулагч байгууллагаас шаарддаг.

Дэлхий даяар улс орнуудын даатгалын зах зээл нь эрсдэлд суурилсан хөрөнгийн (Risk Based Capital-RBC) тогтолцоонд шилжих чиг хандлагатай байгаа бөгөөд даатгагчид нь санхүүгийн хувьд илүү төрөлжсөн, хангалттай хэмжээний хөрөнгөтэй байх ёстой гэсэн зорилтын хүрээнд ажиллаж байна. Энэ нь эргээд даатгалын салбарт хямралыг даван туулах, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх, даатгуулагчдын нөхөн төлбөрийг бүрэн гүйцэд олгох боломжийг олгодог. Дэлхийн санхүүгийн хямрал, Ковид-19 цар тахал нь даатгалын салбарт томоохон сануулгыг өгсөн ба үүгээрээ Монгол улсад  эрсдэлд суурилсан хөрөнгийн тогтолцоонд шилжих ажлыг түргэвчлүүлэх шаардлагатай болохыг сануулж байна.

Даатгалын байгууллагуудыг эрсдэлээс хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор даатгалын зохицуулалтын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгоход эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгон оновчтой хяналт шалгалтын арга, аргачлалыг /системийг/ нэвтрүүлэх шаардлага үүсээд байгаа билээ. Энэ чиглэлээр даатгалын байгууллагууд өөрийн чанарын эрсдэлийн үнэлгээг хийх аргачлалыг (Own risk solvency assessment-ORSA) боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хөрөнгө буюу тоон үзүүлэлтийн (RBC)-г үнэлгээг нэвтрүүлж, даатгалын компаниудын эрсдэл даах хэмжээ, төлбөрийн чадварыг тодорхойлох олон улсын жишигт нийцсэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох зорилгоор ДБ-ны ТСТББ төслийн санхүүжилтээр олон улсын зөвлөх Teus Mourik Хороонд ажилласан.

Зөвлөх Teus Mourik эрсдэлд суурилсан хөрөнгийн (RBC) тогтолцоог Монгол улсад нэвтрүүлэхэд шаардлагатай суурь нөхцөл, хэрэгжүүлэх арга хэмжээ, даатгалын компаниудад уг аргачлалыг нэвтрүүлснээр гарах үр дагавар, цаашид авах арга хэмжээний талаар Хорооны даатгалын бодлого, зохицуулалтын газартай хэлэлцэж, зөвлөмж боловсруулсан. Түүнчлэн, Монгол улсын зах зээлийн эрсдэлийн коэффициентуудыг тодорхойлоход арга зүйн туслалцаа үзүүлж, даатгалын зах зээлийн нэр бүхий компаниудын эрсдэлд суурилсан хөрөнгийн тооцооллыг бэлтгэж, ердийн, давхар болон урт хугацааны даатгалын ялгааг харуулсан нь Монгол улсад эрсдэлд суурилсан хөрөнгийн үнэлгээний тогтолцоог эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. 

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn