Г.Амартүвшин, Ахлах эдийн засагч, Макро зохистой бодлогын хэлтэс, Мөнгөний бодлогын газар, Монголбанк

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь бидэнд олон улсын болон дотоодын зөвлөх байгууллагуудаас суралцах, тэдний туршлагаас судлах өргөн боломжийг олгож байна. Миний хувьд Монголбанк, БНЧУ-ын OGResearch судалгааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн салбар болон макро зохистой бодлогын элементүүдийг тусгасан загвар хөгжүүлэх” төсөлд хамрагдан оролцсон бөгөөд тус төсөл дээр ажиллах явцад хуримтлуулсан туршлага, сурч мэдсэн зүйлсээсээ дараах зүйлсийг энд онцолмоор байна.  

Нэгдүгээрт, санхүүгийн сектор буюу банкны үзүүлэлтүүдийг тусгасан хагас бүтцийн загвар болон Динамик Стохастик Ерөнхий Тэнцвэрийн загварын талаар онолын өргөн хүрээний мэдлэгтэй болж, төслийн зөвлөхүүдээс их зүйлийг суралцлаа. Зөвлөхүүдийн зүгээс Монголбанкны ажилтнуудыг сургах, дадлагажуулах сургалтуудыг тухай бүр зохион байгуулж, онолын мэдлэгээ бататгах боломжийг олгож байв. Монгол Улсын санхүүгийн салбар болон эдийн засгийн онцлог шинжийг тусгаж, параметрүүдийг нутагшуулсан макро-санхүүгийн харилцан хамаарлыг илэрхийлэх бүтцийн загварыг хөгжүүлж буй энэ ажил нь Монголбанкинд анх удаа хийгдэж байгаагаараа онцлог бөгөөд үүний нэг хэсэг болж, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж олон зүйлийг суралцах завшаан тохиосонд бид маш их баяртай байна.  

Хоёрдугаарт, төслийн явцад онолын өргөн хүрээний мэдлэгийг олж авснаас гадна загварыг ажиллуулах, симуляци шинжилгээ, эмпирик үнэлгээг хийж бодлого боловсруулагчдад үр дүнг тайлбарлах талаар практикт суурилсан мэдлэгийг олж авч, шинжилгээ хийх, код бичих техник ур чадваруудаа сайжруулж чадсан нь тус төслийн хамгийн үр өгөөжтэй хэсэг нь байлаа. Төслийн хүрээнд бид загварчлалын программууд дээр ажиллах чадвараа нэмэгдүүлж, сүүлийн үеийн эконометрикийн хэрэгслүүд дээр ажиллах ур чадварыг шинээр эзэмшсэн нь бидний хувьд үнэ цэнтэй туршлага болсон гэж миний зүгээс үзэж байна. 

Эцэст нь тус төсөлд оролцож, энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын хэмжээний мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжийг нээж өгсөн төсөл хэрэгжүүлэгч нэгжид талархлаа илэрхийлэхийг хүсэж байна.  Миний зүгээс макро загварчлал болоод банк, санхүүгийн салбарын харилцан уялдааг ойлгох, бодлогын үр нөлөөг шинжилж, бодлогын оновчтой шийдвэр гаргах үйл явцад дэмжлэг үзүүлэх чиглэлд өөрийгөө нэлээд хөгжүүлсэн гэж бодож байна. Өмнө нь дан ганц макро эдийн засгийн чиглэлд түлхүү ажиллаж, бодлого боловсруулах үйл явцад оролцдог байсан бол тус төсөлд оролцох явцдаа санхүүгийн салбар, банкны үзүүлэлтүүд, түүний макро эдийн засагт үзүүлэх нөлөөг нарийвчлан ойлгож, энэ чиглэлд мэдлэгийн хүрээгээ тэлж чадсандаа баяртай байна. 

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn