Б.Номин, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газар, Төсвийн нэгтгэлийн хэлтсийн зөвлөх

Төсөв ил тод байх ёстой гэдгийг бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл ямар мэдээллийг, аль сувгаар, хэнд, хэзээ, хэрхэн хүргэх нь оновчтой вэ? Монгол улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд бид төсвийн мэдээллийг иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй түгээх тогтолцоог өөрийн орны онцлогт нийцүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна. Төсөл дээр ажиллах явцад хуримтлуулсан туршлага, сурж мэдсэн гурван зүйлийг би энд онцольё.

Ойлгож, мэдсэн, өөрт хамаатай мэдээллийг хүмүүс сонирхож, ашигладаг учраас мэдээллийн “ойлгомжтой” байдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэйг би ойлгосон. Монгол Улсын төсөв иргэн бүрийн амьдралд шууд нөлөөлдөг. Гэвч мэргэжлийн үг хэллэг, уйтгартай хэв маяг зэргээс шалтгаалж иргэд төдийлөн сонирхохгүй байх нь олонтаа. Төсөв нь энгийн тоо бус төгрөг бүрийн ард утга учир агуулдагдаж байдаг тул тэдгээрийг төрөл бүрийн зураглал, инфографик ашиглан энгийн хэрэглээнд хөрвүүлэх чадвараа би төслийн явцад нэлээд хөгжүүлсэн гэж боддог.

Дараагийн онцлох зүйл бол аль болох олон хүнд, хялбар байдлаар мэдээллийг түгээх буюу “хүртээмжтэй” байдлын ач холбогдол юм. Орчин үед хүмүүс өөрт хамгийн ойр тухайлбал гар утас, цахим хуудас, электрон товхимол зэрэг технологийн дэвшилтэй нягт холбоотой мэдээллийн сувгийг түлхүү ашиглах болжээ. Энэ ч утгаараа бид олон тооны хэвлэмэл номоос цахим ном уруу шилжиж, мөн “Иргэдийн төсөв” цахим хуудсыг хөгжүүлж байна. Цаашдаа тус цахим хуудсыг дараагийн түвшинд хүргэн хөгжүүлж, зөвхөн мэдээлэл түгээдэг бус иргэдийн оролцоог хангадаг интерактив шийдлийг нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж байна. Түүнчлэн өмнө нь мэргэжлийн эх бэлтгэгч л хийдэг байсан танилцуулга, товхимолыг манай багийнхан дотоод хүний нөөцдөө тулгуурлан бэлдэх чадвартай болжээ.
Эцэст нь мэдээллийн “тогтвортой” байдлыг дурдмаар байна. Төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах, зарцуулах явцад иргэдийн оролцоог хангах хамгийн гол нөхцөл бол хэрэгцээт мэдээллээр тасралтгүй, найдвартай хангах явдал юм. Миний бодлоор иргэд, олон нийт төсвийн мэдээллийг ашиглаж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлж, төсвийн зарцуулалтыг бүрэн хянаж эхлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Энэ тогтолцоо бий болоход мэдээллийн үнэн бодит, тасралтгүй, тогтвортой байдал гол үүргийг гүйцэтгэж, үндсэн суурь нь болно гэдэгт би итгэдэг.
“Төсвийн ил тод байдлын олон улсын санаачилга” (GIFT), Төсвийн ил тод байдлын тайланг бэлтгэдэг “Олон Улсын Төсвийн Түншлэл” (IBP) зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан нь энэ чиглэлээр олон улсын туршлагаас суралцахад нэн чухал байсныг мөн дурдахыг хүсч байна.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn