Ц.Баасансүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн Ахлах мэргэжилтэн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олон нийтэд мэдээллээ нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байгаа. Иргэд, олон нийтийн мэдээлэл хүлээн авах суваг, төрөл нь байнга өөрчлөгдөн хөгжиж байгаа энэ үед бид ч бас хөл нийлүүлэн алхах ёстой. Тухайлбал, мэдээ мэдээллээ зураг, дүрс, текст, видео бичлэг, постер, инфографик, шторк зэрэг олон төрлөөр хүргэж байна. Мөн ямар мэдээллийг хэнд хүргэхээс хамаарч зорилтот бүлгээ тодорхойлох, түүнийг дагаад ямар сувгаар, ямар хэлбэрээр түгээх зэргээр мэдээллээ боловсруулдаг.

Сүүлийн жилүүдэд олон нийт фэйсбүүк болон инстаграмм, твиттэрээр мэдээлэл түгээмэл авдаг болсон бөгөөд ХНХЯ-ны фэйсбүүк хуудаст долоо хоногт дунджаар 20-25 мэдээ мэдээлэл оруулдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны фэйсбүүк дагагчдын тоо 2020 онд 25 мянга орчим байсан бол 2021 онд 75 мянга, 2022 оны 3-р сарын байдлаар 83 мянга болж өссөн.

Мэдээллээ өөрийн нөөц боломжоо ашиглан бэлдэх, албан ёсны сайт болон бусад цахим хаягаар түгээхээс гадна мэргэжлийн байгууллагаар хийлгэх, илүү олон хүнд хүргэх нь өндөр ач холбогдолтой. Үүний тулд олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Тухайлбал, Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Нийгмийн халамж, даатгалын бодлогыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх Д бүрэлдэхүүн хэсэг манай яаманд дэмжлэг үзүүлж байгаа. 

Ингэснээр мэдээ мэдээллээ мэргэжлийн баг хамт олноор, олон нийтэд ойлгомжтой, энгийн байдлаар  бэлдүүлэхээс гадна аль нэг байгууллагын брэнд болсон мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг, контентоор дамжуулан түгээх нь илүү  ач холбогдолтой чухал дэмжлэг болж байна. Мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа хэр чухал болохыг үүгээр дамжуулан харж болно. ХНХЯ-ны олон нийтэд мэдээлэл түгээх, сурталчлан таниулах харилцаа холбооны үйл ажиллагаанд  үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байгаад Дэлхийн Банк болон төслийн багийнханд чин сэтгэлээсээ талархаж байна. Цаашид ч хамтарч, дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn