Н.Батцэцэг, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын Ахлах референт

“ГУРВАН АСУУЛТ” ҮР ШИМ ХҮРТЭГЧТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

1. Таны хувьд төслийн хэрэгжилтээс онцлох үйл ажиллагаа юу байв?

-     Даатгалын итгэмжлэгдсэн институт /Chartered Insurance Institute/-ээс зохион байгуулдаг сургалтуудын нэг болох “Ердийн даатгал” сэдэвт сургалтад энэхүү төслийн тусламжтайгаар суралцсаныг дурдах нь зүйтэй байх. 

2. Яагаад? 

- Энэхүү институт нь даатгалын талаар анхан шатнаас эхлээд ахисан түвшний мэргэжлийн зэрэг олгох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бөгөөд 150 улсад 128,000 гишүүнтэй, жилд 75,000 хүн шалгалт өгдгөөс 18,000 нь сертификат авч чаддаг байна. Олон улсын мэргэжлийн зэрэг олгох иймэрхүү сургалтууд их өндөр төлбөртэй төдийгүй цаг хугацаа их зарцуулахыг шаарддаг бөгөөд бид тэр бүр сургалтад хамрагдах боломж бага байдаг. Харин энэхүү сургалт нь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, Англид байрлах төв институтээс бидэнд холбогдох сургалт, мэдээллийг өгч байсан нь бидэнд ихээхэн боломжийг олгосон.  

3. Таны бодлоор энэ үйл ажиллагаа ямар үр дүн, ач холбогдолтой байсан бэ? 

-       Энэхүү сургалтад хамрагдсанаар бид даатгалын талаарх онолын болоод практик мэдлэгээ өргөжүүлэх боломж бүрдсэн ба үүний зэрэгцээ сургалтад ашигласан даатгалын зах зээлийн талаар нэгдсэн сургалт болон мэдээллийн гарын авлагатай болсон нь цаашид зохицуулалтын баримт бичгийг боловсруулах төдийгүй манай байгууллагын нэгэн чиг үүрэг болох иргэдэд санхүүгийн мэдлэг олгох ажлыг зохион байгуулах ажилд нэн хэрэгцээтэй юм. Мөн гадаад болоод дотоодын салбарын нийт оролцогчидтой нэг ойлголтоор ойлголцож, хамтран ажиллах боломж бүрдсэнээр салбарын оролцогчдыг чадавхжуулах ажилд ихээхэн хувь нэмэр болно гэж харж байна. Энэхүү сургалтад бид зохицуулалтын байгууллагын зүгээс хамт олноороо хамрагдсан бөгөөд сургалтад хамрагдсанаар албан хаагчид маань цаашид өсөн дэвжих, тус институтийн дараа дараагийн шатлалууд болох диплом, ахисан түвшин гээд бусад сургалтуудад суралцах урам зориг авснаараа уг сургалт нь чухал ач холбогдолтой байлаа.  


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn