Б.Бурмаа, Дархан-Уул аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн

Засгийн газраас хэрэгжүүлэх цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан Сангийн Яамны Төрийн сангийн төлбөр тооцоог цахимжуулах ТӨРИЙН САНГИЙН ТӨЛБӨР ТООЦООНЫ ЦАХИМ СИСТЕМ төсөл амжилттай хэрэгжиж,  төрийн сангийн анхны цахим гүйлгээ Дархан-Уул аймагт хийгдсэнд манай хамт олон баяртай байна.  

Манай аймагт төслийн баг 2022 оны 5 дугаар сард төсвийн 5 байгууллага дээр тестийн орчинд туршилт хийж ажилласан ба 10 дугаар сарын 25-ны өдөр 4 төсвийн байгууллага бодит орчинд туршилтыг эхлүүлж, 10 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар анхны төлбөрийн гүйлгээг цахимаар хийж, амжилттай дамжуулсан. 

2022 оны 11 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, сумдын санхүүгийн албаны мэргэжилтнүүд, 107 төсөвт байгууллагын дарга, нягтлан бодогчийг хамарсан “Цахим системийг танилцуулах, нэвтрүүлэх” сургалтыг зохион байгуулснаар 35 байгууллага 173 гүйлгээ Портал системээр цахимаар хийгээд байна. 

Цахим систем нь ажиллахад хялбар энгийн ойлгомжтой, зайнаас ажиллах боломжийг олгож  байгаа нь төрийн сан болон төсөвт байгууллагын дарга нягтлан бодогч нарын сэтгэл ханамж өндөр байна. Ийнхүү төрийн сангийн төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжсэнээр үйл ажиллагааны хяналтыг сайжруулах, хүнээс шалтгаалах алдааг бууруулах, гар ажиллагаа багасах, ажлын ачааллыг бууруулах, өртөг зардлыг бууруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зэрэг давуу тал их байна. 


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn