Б.Болормаа, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга

2022 оны 11 сарын 18-21 ний өдрүүдэд БНЭУ-ын Мумбай хотноо Дэлхийн нягтлан бодогчдын 21 дэх удаагийн чуулган хуралдлаа. Чуулганд дэлхийн 120 гаруй орны 10000 орчим мэргэшсэн нягтлан бодогчид оролцсон. Чуулганаар тогтвортой хөгжлийг цогцлооход нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үүрэг оролцоо; нягтлан бодох бүртгэл, аудит, корпорацийн засаглал, татварын глобал чиг хандлага; хүртээмжтэй өсөлтийн төлөөх глобал хамтын ажиллагаа; инноваци, финтек, гарааны бизнесийн хөгжүүлэлт; тоон технологийн өсөн нэмэгдэж буй ач холбогдол; ирдээдүйд бэлэн мэргэжил; үнэнч шударга байдал, ёс зүйн манлайлал ба итгэл; болон төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх гэсэн сэдэв асуудлын хүрээнд хуралдлаа. 

Дэлхийн нягтлан бодогчдын 21-р чуулганы хуралдаанаар хөндсөн нэг чухал сэдэв нь төрийн санхүүгийн удирдлагын асуудлууд байлаа. Дэлхийн улс орнууд ялангуяа хөгжиж байгаа улсын төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах, аккруэл суурьт улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх нь олон сорилтыг дагуулсан ажил хэвээр байгааг онцолж төрийн санхүүгийн удирдлагад тулгамдсан ойрын хугацаанд хэлэлцэж, шийдэх шаардлагатай асуудлуудыг ярилцлаа.  

Чуулга уулзалтын хүрээнд хэлэлцсэн асуудлууд нь уламжлал ёсоор дараагийн дөрвөн жилд олон улсад эдийн засгийн салбарын анхаарлын төвд байх асуудлууд байдаг.

Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд энэхүү чуулга уулзалтад оролцсоноор олон улсын тэргүүлэгч мэргэжилтнүүдээс салбарын өнөөгийн болон цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл авч, санал солилцон, улс орнуудын нягтлан бодох бүртгэлийн хөгжлийн сайн туршлагаас судлах ач холбогдолтой байлаа.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn