Ц.Эрдэнэтуяа, МНБ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас зохион байгуулсан “Монгол Улсад аккруэл суурьт УСНББОУС-ыг нэвтрүүлэх дунд хугацааны  стратеги төлөвлөгөө, эдийн засгийн шинэчилсэн ангилал болон дансны нэгдсэн жагсаалтын төсөл”-ийн хэлэлцүүлэгт санхүүгийн салбарын томоохон төлөөллийн нэг нийгмийн даатгалын санг төлөөлөн оролцсондоо баяртай байна.

Нийгмийн даатгалын сангийн бүртгэлд 2006 оноос УСНББОУС-ыг нэвтрүүлж эхэлсэн боловч даатгуулагч бүрээр төлөх болон төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, тэдэнд олгох болон олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардалтай холбоотой өглөг, авлагууд түүнчлэн улсын төсвөөс олгодог санхүүгийн дэмжлэгийн бүртгэл нь олон улсын стандартад бүрэн нийцээгүй. Үүний нэг шалтгаан нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн заавар журам нь сүүлийн үеийн стандартад нийцээгүй, салбарын бүртгэлийн онцлогийг тусгаагүйтэй холбоотой байдаг. 

Хэлэлцүүлэгт танилцуулсан Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд боловсруулсан эдгээр төслүүд нь нийгмийн даатгалын сан төдийгүй төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн тус хэлэлцүүлэгт Засгийн газрын нэгтгэл тайланд оролцдог төсвийн ерөнхийлөн захирагчдын ерөнхий нягтлан бодогчид, төсвийн мэргэжилтнүүдээс гадна Үндэсний аудитын газар, Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн сангийн газрын дарга, мэргэжилтнүүд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, их, дээд сургуулиудийн төлөөлөл оролцсон нь санхүүгийн болон төсвийн төлөвлөлт, тайлагнал, статистикт мэдээлэх, хяналт тавих зэрэг санхүүгийн үйл ажиллагаанд оролцогч талууд ойлголтоо нэгтгэх ач холбогдолтой бөгөөд төсөлд санал хүсэлтээ илэрхийлсэн ажил хэрэгч уулзалт болсон. 

Хэлэлцүүлэгт миний бие нийгмийн даатгалын санг төлөөлөн оролцсоны хувьд төслийг дэмжин, цаг үеэ олсон зайлшгүй хэрэгжүүлэх чухал арга хэмжээний нэг гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ танилцуулсан төслүүдэд байгууллагынхаа бүртгэлтэй холбоотой зарим асуудлуудыг илүү нарийвчлан ярилцах хүсэлтээ илэрхийлсэн. 

Зохион байгуулагч тал оролцогч талуудтай хэсэгчилсэн болон нэгдсэн уулзалт дахин хийхээ илэрхийлсэн бөгөөд төслийн хэрэгжилтийг хангахад эрх зүйн актуудад холбогдох өөрчлөлтүүдийг тусгах, санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах зайлшгүй шаардлагатай талаар оролцогчид нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Баярлалаа.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn