Н.Наранцацралт, Макро эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтууддаа хүрэхийн тулд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хөгжлийг хязгаарлагч суурь асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа билээ. Энэ хүрээнд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг Улсын Их Хурлаар батлуулж, хилийн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, төрийн бүтээмж, ногоон хөгжил, орон нутгийг хөгжүүлэх 94 төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Эдгээр төслүүд хэрэгжиж эхэлснээр машин, техник, тоног, төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтын шинжтэй, өндөр дүнтэй импортыг өсгөж валютын гадагшлах урсгал нэмэгдүүлснээр манай улсын төлбөрийн тэнцэлд тулгараад буй хүндрэл даамжрах, макро эдийн засагт савлагаа үүсэх эрсдэлтэй байна. Иймд бодлого тодорхойлогчид төслийн хэрэгжилттэй холбоотой эдийн засагт үүсэх нөлөөг хугацааны хувьд урьдчилан нарийн тооцсон байх хэрэгцээтэй юм. 

Манай газарт хийгдэж буй мега төслийн үнэлгээ, төсөвт орох орлогын урсгалыг төсөөлөх шинжилгээ нь ирэх онуудад хэрэгжих томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг урьдчилан тооцож буйгаараа ач холбогдолтой байгаа. Одоогийн байдлаар уул уурхайн төслүүдийн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ хийгдээд байгаа ба цаашид энэхүү загварын жишгээр бусад салбарын томоохон төслүүдийн үнэлгээг хийх боломжтой гэж үзэж байна. 


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn