Х.Мөнхжавхлан, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро Эдийн засгийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн

Бид тооцоололд үндэслэн оновчтой шийдвэр гаргах практик туршлагаа өргөжүүлж байна. 

Техник, технологи 2000-аад оноос хойш эрчимтэй хөгжиж, бүхий л салбарт өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил дэвшлийг дагуулж байна. Төрийн үйл ажиллагаанд ч шинэлэг шийдэл, шинэ технологийг нэвтрүүлэх нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хялбарчлах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой нь харагдаж байна. 

Технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн явах нь амаргүй ч бид аль болох нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хичээн ажиллаж байна. 

Аливаа бодлого, шийдвэрийн эцсийн үр дүнг хүн амын амьжиргаанд гарч буй өөрчлөлтөөр дүгнэх ба үүнийг статистик мэдээ, тоон утгаар илэрхийлж байж харах боломжтой байдаг.  Бидний хувьд үйл ажиллагаандаа  хүн амын амьжиргааны үзүүлэлтийг богино хугацаанд, олон давтамжтайгаар ашиглах, харьцуулалт хийх хэрэгцээ үргэлж үүсэж байдаг. Гэвч албан ёсны хүн амын амьжиргааны түвшин хэмждэг гол үзүүлэлт болох ядуурлын түвшин нь 2 жилд ганц удаа зарлагддаг тул бодлого, шийдвэрийн хэрэгжилт, хэрэгцээг шаардлагыг үнэлэхэд хүндрэлтэй байсаар ирсэн. 

Хүн амын амьжиргааг хэмжих үзүүлэлт ойрын хугацаанд болон бодлогын хэрэгжилтээс шалтгаалан хэрхэн өөрчлөгдөхийг төрийн мэдээллийн боломжит эх үүсвэрээс шуурхай авч, боловсруулалт хийн, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлоход “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдэж буй ядуурлыг сарын давтамжтай тооцоолох судалгаа, арга аргачлал, тооцоо нь ихээхэн ач холбогдолтой. Манай газрын хувьд дээрх тооцооллыг улам төгөлдөршүүлж, цаашид тогтмолжуулснаар тооцоо, судалгааны уялдаа холбоо сайжирч, бодлогын үр нөлөөг илүү бодитой үнэлэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн тус төслийг хэрэгжүүлснээр хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн бодлогыг илүү нарийн тодорхойлж улмаар бодлогын үр нөлөө сайжирч, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хангахад илүү дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn