А.Авир, Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга

Санхүүгийн салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж байна

Монгол Улсын Их Хурлаас 2006 онд баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, боловсронгуй болгох бүрэн эрхийг олгосны дагуу тус Хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор “Компанийн засаглалын кодекс"-ийг шинэчлэн батлаад байна.

Өмнөх кодексийн хэрэгжилтэд дутагдал гарч байснаас сургамж авч шинэчилсэн кодексийг үр дүнтэйгээр нэвтрүүлэх тал дээр бидний зүгээс онцгой анхаарч, олон улсад түгээмэл ашигладаг “Биелүүл, эсвэл Тайлбарла” гэх тайлагналын зарчмыг ашиглаж байна. Мөн кодексийн хавсралтад компанийн дотооддоо баталж мөрдөх бодлогын баримт бичиг, дүрэм, журмын үлгэрчилсэн загварыг оруулсан билээ.

Компанийн засаглалын олон улсын зарчмуудыг зохицуулалттай этгээдэд нэвтрүүлэх, дотоод эрх зүйн зохицуулалтын жишиг загварыг танилцуулах зорилгоор нээлттэй хувьцаат компани, даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч, банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг компанийнэрх бүхий албан тушаалтнуудад зориулж ахисан шатны сургалтуудыг зохих давтамжтайгаар зохион байгуулах хэрэгцээ, шаардлага бий.  

Уг кодексийг бүрэн нэвтрүүлэх зорилгоор компанийн засаглалын дэд бүтцийн байгууллагууд болох бирж, мэргэжлийн холбоод, засаглалын сургалтын байгууллагуудын эрх хэмжээ, чиг үүргийг тусгайлан зааж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлууд хэрэгжиж байна.

Компани нь кодекст заасан засаглалын зарчмуудын хэрэгжилтийг жилд нэгээс доошгүй удаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад тайлагнах ба жилийн үйл ажиллагааны тайландаа тусгаж, компанийн цахим хуудсанд байршуулна. 

Хэрэв хэрэгжилт хангалтгүй тохиолдолд тухайн үнэт цаасны бүртгэлийн ангилал буурах нөхцөл бүрдэх бол нөгөө талдаа, хөрөнгө оруулагч засаглал талаас нь үнэлж, шийдвэрээ гаргах чанарын үзүүлэлтүүд бий болох юм.

Эцсийн дүндээ компанийн дотоод зохицуулалт сайжирч, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ, үүрэг, хариуцлага тодорхой болсноор эрсдэлийн удирдлага, мэдээллийн ил тод байдал, тайлагнал илт сайжирч, оролцогч талуудын эрх ашиг хохирох явдал багасахад шууд нөлөөлнө. одексийг хүртээмжтэй арга хэлбэрээр таниулах, компанийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох сургалтуудыг тогтмол зохион байгуулах нь кодексийг нэвтрүүлэхэд маш чухал үр дүнтэй гэдгийг онцолмоор байна.




Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn