Б.Хатанбүүвэй, Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн ажилтан

Сангийн яам нь мэдээллийн технологийн ололт амжилтыг үйл ажиллагаандаа хамгийн ихээр нэвтрүүлж, цахим шилжилтийг бусад төрийн байгууллагаас түүчээлэн ажилладаг гэж би боддог. Одоогоор Сангийн яам нь төсөв, санхүүгийн холбогдолтой, орон даяар ашиглаж буй 10 гаруй мэдээллийн системийг хариуцан ажиллаж байна. Эдгээр системүүдийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангахад өгөгдлийн сангийн аюулгүй, бүрэн бүтэн байдал чухал байр суурь эзэлдэг. Мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжихийн хэрээр энэ салбарын мэргэжилтнүүд мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай байдаг.

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь бидэнд дотоодын зөвлөхүүд болон байгууллагуудаас суралцах, туршлага судлах, тулгамдаж буй техникийн асуудлуудад дэмжлэг авах, чадавх бэхжүүлэх сургалтуудад хамрагдах зэрэг боломжуудыг олгож байгаад баяртай байна.

Миний бие Оракл өгөгдлийн сангийн администраторын 14 хоногийн OCA түвшний сургалтад хамрагдсан бөгөөд сүүлийн үеийн Oracle 19-c өгөгдлийн санг удирдан зохион байгуулахад чиглэсэн агуулгыг онол, практик хосолсон байдлаар суралцсан. Мөн төслийн хүрээнд, зөвлөх компанийн мэргэжилтэн, сургагч багш нартай Сангийн яамны системүүдийн бодит орчинд сайжруулалт хийх, гарсан асуудлуудыг шийдвэрлэх зэргээр ажилласан нь маш үр дүнтэй сургалт болоход нөлөөлсөн.

Мөн өгөгдлийн сангийн зөвлөх үйлчилгээ,сургалтын хүрээнд хийгдсэн ажлууд болох өгөгдлийн сангийн нөөцлөлт, автоматжуулалт, бодит цагийн горимын хуулбар үүсгэх, нэгдсэн хяналтын систем суурилуулалт, өгөгдлийн сангийн сайжруулалт (database tuning) зэрэг нь бидний ажлыг хөнгөвчилж, системд алдаа гарах, тасалдал үүсэх асуудлууд буурахаас эхлээд эцсийн хэрэглэгчдэд мэдэгдэхүйц, системийн ачаалал багасах, тасалдалгүй хурдан ажиллагаатай болох зэргээр ахиц, дэвшлийг авчирч байна. Жишээлбэл, зөвлөх үйлчилгээний хүрээнд бид системүүдийн баазыг бодит цагийн горимд хуулбарлан ажиллах Oracle DataGuard тохируулсан бөгөөд эдгээр хуулбар баазуудыг тайлангийн системүүдэд ашигласнаар санхүүгийн тайлант үеүдэд үндсэн системүүдийн ачаалал ихсэх, гацах асуудлыг шийдвэрлэсэн.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn