Г.Содбилэг, Монголбанкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч

Хурдтай өөрчлөгдөж буй технологийн энэ үед тоон өгөгдөл буюу дата нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болоод байна. Бидний ашиглаж буй тоон өгөгдлийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ тоон өгөгдөлд суурилсан бүхий л харилцаа мэдэгдэхүйц өсөж байна. Монголын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкны систем бүрдүүлдэг учраас санхүүгийн салбарын шинэчлэл, банкны системийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлт болон тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Дэлхийн болон Монголын эдийн засгийн дижиталчлал өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монголбанк нь “Их өгөгдлийн платформ”-ыг нэвтрүүлж эхэлсэн. Ингэхдээ Монголбанк нь (i) үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах (ii) эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг дэмжих (iii) одоогийн санхүүгийн дэд бүтцийг илүү уян хатан, найдвартай болгох гэсэн үндсэн зорилтуудаа үргэлжлүүлэн ханган ажиллахыг зорьж байна. Энэхүү хөгжүүлэлтийн хүрээнд Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл (SFFS)- ийн дэмжлэгтэйгээр Калифорнийн их сургууль (UCLA)-ийн өгөгдлийн менежмент (Database Management)-н гэрчилгээ олгох хөтөлбөрт хамрагдах боломж надад олдсон юм.

UCLA-н өгөгдлийн менежментийн гэрчилгээ олгох сургалт нь чухал, хэрэгцээт мэдлэгүүдийг олж авах, өгөгдлийн менежментийн талаар гүнзгийрүүлэн судлах боломжтой сургалт байсан. Уг хөтөлбөр нь нийт 8 курс хичээлээс бүрдэх бөгөөд үүнд тоон өгөгдөл, түүний зарчмуудыг судлах заавал үзэх 3 курс хичээл, бусад сэдвүүдийн талаар илүү гүнзгийрүүлэн судлах сонгох 5 курс хичээл багтана. Монголбанкны Их тоон өгөгдлийн платформ нэвтрүүлэх ажилд оролцож байгаагийн хувьд би их тоон өгөгдөлтэй холбоотой сонгох хичээлүүдийг сонгон судалсан. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан би Монголбанканд хэрэгжүүлж буй Их тоон өгөгдлийн платформын төсөлд шууд ашиглаж болохуйц мэдлэг, чадваруудыг олж авснаас гадна ажлын хамт олноо ч энэ тал дээр зөвлөгөө өгөхүйц болсон. Зохистой өгөгдлийн менежментийн систем нь хэрэглэгчдэд тоон өгөгдлөө хурдан, үр дүнтэй, аюулгүйгээр бусадтай хуваалцахад тусалдаг. Тоон өгөгдлийн хэмжээ нэмэгдэж, улам нарийн төвөгтэй болохын хэрээр их өгөгдөл (big data) илүү чухал болж байна.

Төв банкны статистик тоон мэдээллээр тогтвортой хангах, хяналт шалгалтын чиг үүрэгт их тоон өгөгдлийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа боловч, тоон мэдээлэл цуглуулах, боловсруулах аргачлал нь бараг өөрчлөгдөөгүй бөгөөд уламжлалт баримт бичигт суурилсан арга барилтай хэвээр байна. Энэ арга барил нь цаг хугацаа, зардал ихээхэн шаардахын зэрэгцээ нарийн төвөгтэй. Энэхүү уламжлалт арга барилаар ажиллаж байгаа учраас тоон өгөгдөл төв банкны өнөөгийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Дэвшилтэт аргачлал нэвтрүүлэх нь Монголбанкны тасралтгүй өсөн нэмэгдэж буй тоон өгөгдлийн хэрэгцээг хангах, улмаар Монгол улсын цаашдын хөгжилд зайлшгүй ач холбогдолтой юм.

Монголбанкыг төлөөлөн миний бие төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд болон энэхүү сурах боломжоор ханган, мэргэжилтнүүдийг дэмжиж хүний нөөцийн чадавхыг сайжруулахад үнэтэй туслалцаа үзүүлсэн Дэлхийн банк болон SFFS төслийн багийнханд талархал илэрхийлье.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn