У.Болортуяа, Говь-алтай аймгийн лаборатори 1-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Болортуяа нь ‘Хэрвээ би Сангийн Сайд байсан бол’ эсээ бичлэгийн уралдаанд оролцсон сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцах болсондоо туйлын баяртай байна.

Анх би ‘Posted by Unread’ сайтаас тус эсээ бичлэгийн уралдааны зарлалыг харсан юм. ‘Энэ хичээлийн жилд өөрийгөө сорьсон олон тэмцээн, уралдаанд оролцоно доо’ гэж зорилго тавьсан би тус эсээний нэрийг хараад л шалдаа бууж, чадахгүй гэсэн айдаст автсан. Учир нь би Сангийн сайд, улсын төсөв гэдэг нэр томьёонуудыг үгийнх нь хувьд мэдэхээс утгынх нь хувьд нарийн мэдэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл Сангийн сайдын зургийг хараад таньдаг, харин Сангийн сайдын хийдэг ажил, хүлээсэн үүргийг таньдаггүй байв. Ингээд өдөр, өдрөөр, бага багаар мэдэхгүй зүйлүүдтэйгээ танилцахаар шийдсэн. Улсын төсөв гэдэг ганцхан найзтай танилцахад л цаана нь улсын төсвийн орлого, зарлага, тэнцэл, алдагдал, илүүдэл гээд олон огт танихгүй найзууд  дарааллаж байсан. Энэ хэлхээ холбоо явсаар аав ээжийн авдаг цалин, эмээ өвөөгийн авдаг тэтгэвэр, тэтгэмж, миний авдаг хүүхдийн мөнгө, сурдаг сургууль, амьдардаг дотуур байртай минь хүртэл холбогдсон нь цаас аваад ‘Хэрвээ би Сангийн Сайд байсан бол' гэж гарчиглаад эсээгээ эхлүүлэх хөшүүрэг болсон юм. 

Эсээ бичих явцад минь хамгийн их хэрэг болсон эх сурвалж ИРГЭДИЙН ТӨСӨВ цахим хуудас байсан. Хэрвээ тус цахим хуудас, болон ИРГЭДИЙН ТӨСӨВ 2021 эмхтгэл хоёр байгаагүй бол  татвар, улсын төсөв, зам гүүр, нийгмийн даатгалын сан гээд хөврөх олон зүйлүүдийн хоорондын уялдаа, зангилааг тайлахад би маш олон цагийг зарцуулах байсан. Ялангуяа ‘Иргэдийн Төсөв 2021’ ном хэнд ч ойлгомжтой, зураглал, дүрслэл ихтэй байсан нь өөрт хэрэгтэй бүх мэдээллүүдийг цөөн хэдэн минутын дотор, уйдахгүйгээр олж авах давуу талыг олгосон. ЕБС-ын нийгмийн ухааны багш нар төсвийн тухай сэдвийг заах үедээ тус номоос мэдээлэл олж ирэх даалгавар сурагчдадаа өгөх  юмуу бусад байдлаар хичээлдээ ашиглах нь төсвийн тухай ойлголтуудыг сурагчдад хүргэх , мөн тус номын үнэ цэнийг түгээх үр дүнтэй арга байж болох юм гэж бодогдсон.

Ихэнх аав ээж нар гэр бүлийнхээ орлого, зарлагад ихэнхдээ санаа чилээхээс уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд тэр бүр санаа тавьдаггүй. Яг үүнтэй адил аав ээж нар хүүхэдтэйгээ ирээдүйн мэргэжил, хичээл сурлагынх нь тухай асууж ярилцдагаас санаа зовниж явдаг нийгмийн асуудал, улсдаа хийж болох бүтээн байгуулалтын талаар огтхон ч ярилцдаггүй. Хүүхэд гээд голдог байж магадгүй. Гэтэл энэ нь хувийн асуудал, хувийн мөрөөдөл их ярьж улс орны асуудал, улсын мөрөөдөл ховор ярьдаг хойч үеийнхнийг бий болгоод байх шиг.  Харин тус эсээ бичлэгийн уралдаан ‘Хэрвээ чи Сангийн Сайд байсан бол яах вэ Болортуяа?’ гэдэг асуултыг надаас асууж  улсын маань асуудал, хөгжил цэцэглэлтийн талаарх санаа бодлыг минь сонссон. Хэлмээр, ярилцмаар байгаа зүйлийг минь хэн ч асуухгүй удаан явсаар эцэст нь хэн нэгэнд хэлж, ярилцаж, хамгийн гол нь бусдад сонсогдож буй мэт гайхалтай мэдрэмжийг авсан. 

УЛСЫН ТӨСӨВ нь татварын мөнгө, улсын мөнгө биш ‘УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ’ юм гэдгийг эсээгээ бичиж дуусаад ойлгосон доо.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn