МОНГОЛ УЛСАД ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2021.08.18

Хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй технологийн дэвшлийн үр дүнд санхүүгийн үйлчилгээний талаарх ойлголт, санхүүгийн зах зээл эрс өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор блокчэйн, биткоин, крипто валют, виртуал хөрөнгө зэрэг цоо шинэ санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болж, дэлхий дахинд инновац, технологийг ашиглан үнэ цэнийг чөлөөтэй дамжуулах боломжтой болсоор байна.  

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргасан олон улсын стандарт буюу 40 зөвлөмжийн 15 дугаар зөвлөмжийн дагуу улс орнуудыг шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, тэр дундаа “Виртуал хөрөнгө”-тэй холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийг үнэлж, зохицуулалтын тогтолцоог бий болгохыг үүрэг болгосон. 

Иймд ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлж ажиллах хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А-23 дугаар тушаалаар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй холбоотой хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг судлах, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. 

Тус ажлын хэсэгт Монголбанкны холбогдох газар нэгжүүд болон Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл орж ажилласан. Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд виртуал хөрөнгийг зохицуулах чиглэлээр мэргэшсэн гадаадын зөвлөхөөс ажлын хэсэгт техник туслалцаа үзүүлж хамтран ажиллав. Үүний үр дүнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг Хууль, тогтоомжийн тухай хууль болон олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулав. 

Санхүүгийн мэдээллийн албанаас хуулийн төслийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн хуралд танилцуулан зөвлөлийн гишүүн нийт 15 байгууллага, Засгийн газрын гишүүд болон холбогдох төрийн захиргааны байгууллага болон төрийн бус 22 байгууллагаас санал авч, олон нийтээр хэлэлцүүлэв.

Хуулийн төсөл батлагдсанаар виртуал хөрөнгөтэй холбоотой хууль, эрх зүйн орчин бүрдэхээс гадна ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх, эдийн засгийн эргэлт нэмэгдэх, гаднын хөрөнгө оруулагч нарыг татах, санхүүгийн хэрэглэгч олон төрлийн төлбөрийн хэрэгслийн сонголттой болж зардал багасах, өмчийн эрх зүйн хамгаалалттай болох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурах эерэг үр нөлөө гарах юм.

 

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2021 оны 5 дугаар сард Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэв. Хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. 

Энэ хүрээнд Улсын Их Хурлын байнгын хорооны 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулагдсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурлыг Санхүүгийн мэдээллийн албанаас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Хуралдаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд болох Н.Учрал, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Г.Амартүвшин болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцов.    

 

Хурлыг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нээж, үг хэлсэн бөгөөд тэрээр “Виртуал хөрөнгийн салбарын олон улсын туршлага, зохицуулалт” сэдвээр танилцуулга хийв. Мөн энэ үеэр Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл”, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн “Виртуал хөрөнгийн зохицуулалтын олон улсын хандлага болон Монгол Улс дахь виртуал хөрөнгийн мэдээлэл” сэдвээр тус тус танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »