ӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙСНЭЭР ӨРИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛЖ, ГАДААД ӨРИЙН ХҮҮГИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭВ

2021.07.06

Монгол улсын Сангийн яам өрийн удирдлага, гадаад хөгжлийн санхүүжилтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Дэлхийн банктай хамтран ажиллаж, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар нь 2020 оны 9 дүгээр сард олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартой тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ. Энэ удаа “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. 

Монгол Улс 2011-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 болон 12.3 хувьтай, зээлжих зэрэглэл өнөөгийн түвшнээс 2 зэрэглэл дээгүүр байсан эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, 1 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан бөгөөд энэхүү бондын эргэн төлөлт нь 2022 онд хийгдэх байв.

Харин, энэ удаад Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай, зээлжих зэрэглэл B түвшинтэй байгаа цар тахлын хэцүү цаг үед Монгол улсын Сангийн яам “Century” төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу 6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, ирэх 2 жилийн өр төлбөрийг шийдлээ.  

 

Олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчдаас ирсэн санал нь  тухайн үнэт цаасны дүнгээс 2.5-3 дахин их ирсэн тохиолдолд амжилтай боллоо гэж үздэг. Харин, “Century” төслийн хүрээнд нийт 6.4 тэрбум ам.доллар буюу санал болгосон хэмжээнээс 6.4 дахин илүү саналыг Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас ирүүллээ. Мөн манай улстай ижил зээлжих зэрэглэлтэй улсууд шинээр бонд гаргахад дунджаар 7-8 хувийн хүү төлж байхад манай улс B үнэлгээтэй улсуудаас хамгийн бага буюу 3.5-4.45 хувийн хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын цар тахлын үед эрүүл мэнд, эдийн засгаа аврах зорилгоор хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний үр дүнгийн илрэл бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл өндөр байгааг харуулж байна.


Засгийн газар хугацаа тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрийг хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх жилүүдэд үүсэх байсан өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг онцлох нь зүйтэй. 

Тус өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Засгийн газар J.P.Morgan, Morgan Stanley, HSBC болон Nomura  гэсэн 4 хөрөнгө оруулалтын банкнуудтай хамтран ажилласан. Мөн түүнчлэн, энэ завшааныг ашиглан хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх цахим уулзалтуудад оролцож, хамтран ажилласан Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк болон Үндэсний статистикийн хорооны хамт олонд талархал илэрхийлье. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »