ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛИЙН СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2021.03.29

Монгол улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн төрийн нөөцийг үр ашигтай, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилт бүхий Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратегийг Сангийн яамны газар, хэлтсүүд олон улсын түнш, хөгжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. 

Дээр дурдсан шинэчлэлийн хүрээнд 10 стратегийн зорилт, 40 зорилго, 76 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан, Сангийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 192 тоот тушаалаар, уг стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А281 тоот тушаалаар батлуулав. 

ТСУ-ын шинэчлэл хийх ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн ажлууд үр дүнд хүрч байна. Тухайлбал: 

  • Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах стратегийн зорилтын хүрээнд холбогдох журам, аргачлалуудыг батлуулж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг мэдээлэх цахим хуудас болон системийг боловсруулан, хэрэглээнд бүрэн нэвтрүүлсэн. 
  • Санхүүгийн дотоод хяналтыг сайжруулах стратегийн зорилтын хүрээнд Дотоод аудитын хяналт, шалгалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийсэн бөгөөд Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэх зураг төслийн баримт бичиг болон гүйцэтгэгчийн ажлын даалгаврыг боловсруулан, сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэж байна. Мөн Улсын салбарын Дотоод аудитын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн анхны төслийг боловсруулсан бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. 
  • Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалтын хүрээнд Эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн, албан хаагчдыг макро эдийн засгийн төсөөлөл, бодлогын шинжилгээний чиглэлээр чадавх бэхжүүлэх дотоод болон гадаад сургалтад хамруулсан бөгөөд макро эдийн засгийн тооцоо судалгааны чиглэлээр холбогдох загвар, аргачлалуудыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлээд байна.
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын хүрээнд Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын орчуулгын ажлыг бүрэн гүйцэтгэж, төсөвт байгууллагын нягтлан бодогчдод мэдлэг олгох сургалтыг зохиож байгуулж, сертификат олгосон. 
  • Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах стратегийн зорилтын хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаасыг арилжаалах арилжааны системийг хөгжүүлэн туршиж байна. Мөн гадаад зээл, тусламжийн удирдлагын мэдээллийн ODAFIN, ODAMIS системийг хөгжүүлэн сайжруулж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.  
  • Татварын бодлогын хүрээнд Татварын хуулиудад томоохон өөрчлөлтүүд оруулснаар Монгол улс Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форум, Татварын суурийг багасгах ашиг шилжүүлэх явдлын эсрэг байгууллагад тус тус элсэн орсон.
  • Төсвийн зарцуулалтын хяналтын хүрээнд орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлалыг шинэчлэн батлуулж, зарим тогтмол болон урсгал зардлын чиг үүргийг орон нутгийн суурь зардалд бүрэн хариуцуулсан. 
  • Төсвийн орлого, зарлагын удирдлагыг сайжруулах стратегийн зорилтын хүрээнд төрийн албаны цалингийн нэгдсэн системийг хөгжүүлэн, нийт 4,045 төсвийн байгууллагын цалинг тооцоолон, шилжүүлээд байна. Мөн түүнчлэн Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг туршилтын яамдын зарим  хөтөлбөр дээр турших үйл ажиллагааг амжилттай эхлүүлээд байна.
  • Нэгдсэн төсвийн талаарх ил тод байдлыг сайжруулах стратегийн зорилтын хүрээнд мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын судалгаа, төсөөллийг өдөрт хоёр удаа гарган танилцуулж байна.
                          
Төлөвлөгөөний хэрэгжилтийг Сангийн яамны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний “Лидер мониторинг” системээр дамжуулан оруулж байна. Хэрэгжилтийн үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоол, 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд хэрэгжилтийн явц 70 хувьтай буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” үзүүлэлттэй байна. 
ТСУ-ын шинэчлэлийн стратеги, нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөгөөг улс орны төсөв, санхүүгийн тогтолцоог үнэлэх “Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлага” (ТЗСХ)-тай байдлын 2015 оны үнэлгээгээр илэрсэн үзүүлэлт, давуу болон сул талд тулгуурлан боловсруулсан бөгөөд Дэлхийн банкнаас ТЗСХ-тай байдлын хоёр дахь удаагийн үнэлгээг хийж гүйцэтгэх ажлыг 2020 оны 12 дугаар сараас эхлээд байна. 
Үнэлгээний нээлтийн үйл ажиллагааг 2020 оны 12-р сарын 22-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагааг нээж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Дэлхийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Европын Холбооноос Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны дарга Пьер-Ив Люка нар үг хэлсэн. 
Мөн Дэлхийн банкны зүгээс ТЗСХ-ыг үнэлгээг хэрхэн хийх, шаардлагатай тоон мэдээллийг хэрхэн боловсруулах талаар Сангийн яам болон Үндэсний аудитын газрын 60 гаруй албан хаагчдыг хамарсан хоёр өдрийн цахим сургалтыг зохион байгуулсан. Үнэлгээний тоон, мэдээлэл, өгөгдөл цуглуулах үйл ажиллагаа 2021 оны 2 дугаар сараас эхэлсэн бөгөөд эцсийн тайланг 2021 оны 7 дугаар сард Дэлхийн Банкнаас Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өгнө. Цаашид тайлангийн үр дүнд үндэслэн ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг шинэчлэн батлуулах, төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх илүү боловсронгуй тогтолцоог нэвтрүүлэхэд чиглэн ажиллаж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »