ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧДОД УЛСЫН СЕКТОРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021.03.03

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн гол зорилтуудын нэг нь “Засгийн газрын нэгдсэн санхүүгийн удирдлагын мэдээллийн систем, төсвийн хяналт, тайлагналыг сайжруулах замаар төсвийн иж бүрэн, ил тод байдлыг нэмэгдүүлэх” явдал юм.

Энэхүү зорилтын хүрээнд Засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайланг аккруэл суурьт Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС)-д бүрэн нийцүүлэн бэлтгэдэг болох нь нэн чухал юм. Аккруэл суурьт УСНББОУС-т бүрэн шилжсэнээр Засгийн газрын хөрөнгө, өр төлбөр, орлого, зардлын мэдээлэл иж бүрэн, үнэн зөв илэрхийлэгддэг болох тул иргэд олон нийт, мэргэжлийн судлаачид, шийдвэр гаргагчид төдийгүй олон улсын хандивлагч, хөрөнгө оруулагчдыг энгийн, иж бүрэн мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.   

Монгол Улсын хэмжээнд төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлд УСНББОУС-ын хэрэглээг төлөвшүүлэх шинэчлэлийн үйл явц нь (i) төсөвт байгууллагын нягтлан бодогчдод энэхүү олон улсын стандартын мэдлэг олгох, ур чадварыг эзэмшүүлэх, (ii) түүнтэй холбоотой тунхаглал гарын авлагыг Монгол хэл дээр орчуулан нийтэд толилуулах зэргээр үе шаттай, харилцан уялдаатай явагдаж байна. 

Сангийн яам нийслэл, дүүрэг, 21 аймгийн төсөвт байгууллагын 2,600 гаруй нягтлан бодогчдод УСНББОУС-ын 25 орчим шинэчлэгдсэн стандартын онолын болон практик мэдлэг олгох сургалтыг 2019-2020 онд дараах агуулгын хүрээнд амжилттай зохион байгууллаа. Үүнд:
  1. Санхүүгийн тайлангийн толилуулга (УСНББОУС 1)
  2. Мөнгөн гүйлгээний тайлан (УСНББОУС 2)
  3. НББ-ийн бодлого, НББ-ийн тооцооллын өөрчлөлт ба алдаа (УСНББОУС 3)
  4. Зээллэгийн зардал (УСНББОУС 5)
  5. Солилцооны ажил гүйлгээ (УСНББОУС 9)
  6. Бараа материал (УСНББОУС 12)
  7. Түрээс (УСНББОУС 13)
  8. Тайлагналын өдрийн дараах үйл явдал (УСНББОУС 14)
  9. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө (УСНББОУС 16)
  10. Үндсэн хөрөнгө (УСНББОУС 17)
  11. Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө (УСНББОУС 19)
  12. Мөнгө бий болгодоггүй хөрөнгө (УСНББОУС 21)
  13. Солилцооны бус ажил гүйлгээ (Татвар болон Шилжүүлэг) (УСНББОУС 23)
  14. Санхүүгийн тайлан дахь төсвийн мэдээллийн толилуулга (УСНББОУС 24)
  15. Мөнгө бий болгогч хөрөнгө (УСНББОУС 26)
  16. Санхүүгийн хэрэглүүр: Тайлагнал болон толилуулга (УСНББОУС 15, 28, 29, 30)
  17. Биет бус хөрөнгө (УСНББОУС 31)
  18. Үйлчилгээний концессийн хэлцэл (УСНББОУС 32)
  19. Ажилтны тэтгэмж (УСНББОУС 39)
  20. Нийгмийн халамж (УСНББОУС 42) зэрэг болно.
Сургалтыг олон улсын зөвлөхийн боловсруулсан хөтөлбөр, сургалтын материал ашиглан Сангийн яамнаас сургагч багшийн эрх олгосон 9 сургагч багш удирдан зохион байгуулав.  
УСНББОУ-ын тунхаглалуудын 2018 оны гарын авлагыг Монгол хэл дээр орчуулан цахим номын хэлбэрээр Сангийн яамны цахим хуудсанд байршуулж олон нийтэд толилуулсан нь улсын секторын нягтлан бодогчдод өдөр тутмын ажилдаа эх хэл дээрээ стандартыг ашиглах боломжийг бүрдүүллээ.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »