ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН УЛСЫН САЛБАРЫН ДОТООД АУДИТЫН АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧЛЭН НЭВТРҮҮЛЭХ НЬ

2020.11.27

Монгол Улсын Сангийн яам санхүүгийн хяналт, дотоод аудит, эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд дараах 2 зорилт тавьсан. Үүнд: (i) Улсын салбарын дотоод аудитын болон эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичгийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах, арга зүйн удирдамж, аргачлал бэлтгэх болон (ii) Улсын салбарын дотоод аудитын бүх шатны нэгжүүдийн чадавхыг бэхжүүлэх шаталсан сургалт, хэлэлцүүлгийг төлөвлөн зохион байгуулах.

Нэгдүгээр зорилтын хүрээнд, улсын салбарын дотоодын аудиторуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор  дотоод аудитын олон улсын шинэчлэгдсэн стандартад нийцсэн “Улсын салбарын дотоод аудитын аргачлал” (Сангийн сайдын 2019 оны 268 тоот тушаал), “Чанарын үнэлгээний аргачлал” (Сангийн сайдын 2019 оны 274 тоот тушаал), дотоод аудитын нэгжүүдэд олон улсын ISO-31000 стандартад нийцсэн байгууллагын эрсдэлийн удирдлагын хүрээг танилцуулах зорилгоор “Сангийн яамны эрсдэлийн удирдлагын бодлого, хорооны дүрэм, журам, гарын авлага” (Сангийн сайдын 2019 оны 291 тоот тушаал)-г тус тус шинэчлэн боловсруулсан. 

Хоёрдугаар зорилтын хүрээнд, улсын салбарын дотоод аудиторуудад зориулсан мэдлэг ур чадварыг хөгжүүлэх цогц сургалтын материалыг бэлтгэн “Улсын салбарын дотоод аудиторуудын зөвлөгөөн”-ийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж, дээрх бодлогын баримт бичгүүд, аргачлал, гарын авлагыг танилцуулж, үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэв.

 . . . Улсын салбарт дотоод аудитын тогтолцоо нэвтрүүлэх өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд улсын салбарт дотоод аудитын тогтолцоог нутагшуулж, хөгжүүлэн, олон улсын стандарт, арга зүйн чиглэлийг баримтлахын тулд чамгүй олон ажлыг хийжээ. Дотоод аудитын мэргэжил шинэчлэгдэж өсөн нэмэгдэж буй энэхүү эрэлтэд тус мэргэжлээр ажиллаж буй та бүхнийг эдгээр өөрчлөлт, шинэчлэлтэд бүрэн нийцэж ажиллах шаардлагатай болж байна. Өнгөрсөн хугацаанд гарсан үр дүн дээрээ үндэслэн цаашид олон улсын дотоод аудитын хөгжлийн чиг хандлагаар тус салбарыг чиглүүлэн хөгжүүлж, сайжруулах, дотоод аудитын нэгжүүд, дотоод аудитор, санхүүгийн хяналт, шалгалтын байцаагчдыг шинэ соргог мэдээ мэдээлэл, мэдлэг, ур чадвар, арга зүйгээр хангаж ажиллах нь бидний хувьд нэн тэргүүний зорилтуудын нэг болно.

Монгол Улсын Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг


Улсын салбарт дотоод аудитын олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлэх нь санхүүгийн хяналт, дотоод аудитын үйл ажиллагааг хараат бус, бодитой хандлагаар үр ашигтай зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ гэж Сангийн яам үзэж байна. 

Миний бие 2014 оноос хойш санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудитын чиглэлээр ажиллаж, мэргэжлийн мэдлэг, туршлагаа хөгжүүлсээр байна. Сангийн яамнаас танилцуулсан “Улсын салбарын дотоод аудитын аргачлал”-ын хүрээнд аймгийнхаа Эрүүл мэндийн салбарт аудит хийж эхэлсэн. Дотоод үнэлгээний ажилдаа стандарт, журмыг хэрхэн нийцүүлэх талаар анхаарч ажиллаж байна. Шинэ соёл, шинэ арга барилаас сурах боломж гарч байгаа нь сайн хэрэг юм.

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Д.Гандолгор

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »