МОНГОЛ УЛСЫН МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2022.09.29

Монгол Улс 2019 онд ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д 6 заалттайгаар орсон боловч 1 жилийн дотор 2020 онд уг жагсаалтаар гарч чадсан билээ. Энэхүү ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 37 нь нийцсэн гэж үнэлэгдсэн.

ФАТФ-ын Зөвлөмж 1-т улс орнуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээ үнэлэх, Зөвлөмж 2-т эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилан үндэсний бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаарддаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын харилцан үнэлгээний тайланд манай улсыг үндэсний хэмжээний мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, стратегийн баримт бичгийг баталж хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилсан үндэсний бодлого, хөтөлбөрийг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авахыг заасан байдаг. 

Иймд, Сангийн яам тэргүүтэй салбар тус бүрийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх 11 дэд ажлын хэсгийг тус тус байгуулж 52 байгууллагын 128 ажилтан оролцон Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж санхүүгийн салбар тус бүрээр эмзэг, сул талуудыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлсон Үндэсний хөтөлбөрийг боловсруулав.

Уг үндэсний хөтөлбөрийг боловсруулахад Монгол улсын засгийн газар нь “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-өөс нэн хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Монголбанкны хүрээнд гадаад зөвлөх авч ажиллуулан дараах ажлуудыг хийж гүйцэтгүүлэв. Үүнд:

  • Үндэсний эрсдэлийн үнэлгээнд үндэслэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх аюул заналхийлэл, төрөлхийн эмзэг байдлыг хянан үзэж, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг үндэсний хэмжээнд үнэлж;
  • ФАТФ-ын зөвлөмж, ойрын үр дүнгийн техникийн шаардлагуудтай холбоотой дутагдал, түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх буюу түүний бие даасан бүрэлдэхүүн хэсгүүдийн үр нөлөөнд учирч буй саад бэрхшээлийг илрүүлэхийн тулд цоорхойд дүн шинжилгээ хийж;
  • Одоогийн мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам болон бусад арга хэрэгсэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх олон улсын стандартыг нэвтрүүлэх, дутагдлыг арилгахын тулд шинэ хууль, эрх зүйн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах зэрэг оров.

Эдгээр ажил болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хамтын ажиллагааны үр дүнд  Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлав.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог олон улсын техник хэрэгжилт, үр дүнтэй байдлын стандартад нийцүүлэн бэхжүүлэх замаар олон улсын зах зээлтэй холбогдсон, тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх боломжтой. Түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дотоод, гадаад хамтын ажиллагаа өргөжиж, төр, хувийн хэвшил хоорондын ажлын уялдаа холбоо сайжрахаас гадна зохицуулагч байгууллагууд нөөц бололцоогоо зохистой хуваарилах, эрсдэлтэй талбарт нөөцийг төвлөрүүлж ажиллах боломж бүрдэнэ.

Түүнчлэн энэхүү хөтөлбөрөөр дамжуулан “Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтой.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »