МОНГОЛ УЛСАД “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ТӨСӨВЛӨЛТ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ҮЕ ШАТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

2021.10.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн төлөвлөсөн үйл ажиллагааны нэг зорилт нь Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт (ЖМТ)-ийг нэвтрүүлэх үйл явцыг Монгол Улсад хийгдэж буй төрийн санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлд нэгтгэх явдал юм.

Жендерийн эрх тэгш байдлыг хангахад Сангийн яам манлайлан “Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамрагдах байгууллага, агентлагийн жендэрийн стратеги (2016-2024)”-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү стратегид бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд болон хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явцад жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгах, чадавхыг бүрдүүлэх болон жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлалыг үндэсний болон орон нутгийн түвшинд нэвтрүүлэх зорилтууд тусгагдсан. 
Нийгэм дэх тэгш бус байдал бүтцийн шинжтэй, нарийн төвөгтэй асуудал бөгөөд Монгол Улс дахь жендэрийн ялгаатай байдал салбар бүрт түгээмэл байна. ЖМТ нь жендэрийн бодлого болон стратегийг салбарын стратеги, бодлого, зарлага, орлоготой уялдуулах, жендэрийн ялгаатай байдлын зөрүүг багасгах, жендэрийн эрх тэгш байдалд хүрэх нөхцөлийг бий болгох, Монгол Улс дахь эрэгтэй, эмэгтэй, охид, хөвгүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгсэл юм.  
“ЖМТ-ийн аргачлал боловсруулж, холбогдох салбарын төсвийн төлөвлөлтөд туршин нэвтрүүлэх” чиг үүрэг бүхий техникийн ажлын хэсгийг Сангийн яам байгуулсан ба энэ хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хороо болон бусад оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж байна.  
Зураг 1. Сангийн яамны дэргэд байгуулагдсан ЖМТ-ийн ажлын хэсгийн анхдугаар хуралдаан.
Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд жендерийн дүн шинжилгээ хийх, ЖМТ-ийг салбарын яамдад үе шаттай туршин нэвтрүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Боловсрол, шинжлэх ухааны яамдыг сонгосон ба тус яамдын дэргэд ЖМТ-ийн туршилтыг хариуцах дэд ажлын хэсгийг байгуулсан.
Түүнчлэн, ЖМТ-ийг төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналтад нэгтгэх журам, алхмууд тодорхойлсон загварыг боловсруулаад байгаа бөгөөд санал болгож буй холбогдох журам, аргачлал нь бодит нөхцөлд хэрхэн хэрэгжиж буй, өнөөгийн бодлогын болон төсвийн төлөвлөлтийн үйл явцад хэрхэн нийцэж буй, цаашид ямар нөөц бололцоо болон хэрэгцээ шаардлагатай байгааг туршиж байна. 
ЖМТ-ийг турших хүрээнд 2 салбар яамдын холбогдох сонгосон хөтөлбөрүүдэд жендэрийн дүн шинжилгээг хийж, 2022 оны төсвийн төсөл бэлтгэх удирдамжид ЖМТ-ийн асуулга, судалгаа болон төслийн саналын маягтуудыг боловсруулж, улмаар нийт 32 улсын төсвийн ерөнхийлөн захирагч нараас үнэлгээ, мэдээлэл, ЖМТ-ийн төсвийн саналыг хүлээн аваад байна. Ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 2022 оны улсын төсвийн нэгдсэн танилцуулга болон “Иргэдийн төсөв-2022”-д ЖМТ-ийн талаарх мэдээллийг оруулаад байна. 
Дээрх туршилтын хүрээнд олж мэдсэн туршлага болон ЖМТ-ийг нэвтрүүлэх урьдач нөхцөлийг хангах, оролцогч талуудын ойлголтыг нэгтгэх, хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд ЖМТ-ийн чадавх бэхжүүлэх хөтөлбөр, сургалтын агуулгыг боловсруулан, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зорилтот оролцогч талуудад цахим сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. 
Цаашид ЖМТ-ийн туршилтын үе шатыг өргөжүүлж, холбогдох бүх оролцогч талуудыг оролцуулснаар бодлогын болон төсвийн төлөвлөлтийн шинэчлэлд сайн нийцэх тогтвортой загварыг сонгохоор ажиллаж байна. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »