ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

11/17/2021

Манай улс 2000 оноос төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулсан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр захиалагч болон тендерт оролцогчийн төлөөлөл 1,200 орчим хүнийг танхимаар болон цахимаар үе шаттайгаар хамруулан зохион байгууллаа.

ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД:

  • Худалдан авах ажиллагаанд технологийн дэвшилд тулгуурлан хүний оролцоог бууруулах,
  • Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэл шатыг цахим системээр зохион байгуулах,
  • Ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,
  • Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих,
  • Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгасан.

                     

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь захиалагч төрийн байгууллагаас тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх явцыг хурдан шуурхай зохион байгуулах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдээс тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй баримт бичиг, шаардлагын тоо хэмжээг бууруулж, төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй байх зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна. 

                         

Монгол Улсын хэмжээнд нийт 15,180 аж ахуйн нэгж тендер шалгаруулалтад оролцдог ба худалдан авах ажиллагааны бүх үе шатыг цахим болгох бололцоотой байна. Улсын хэмжээнд зохион байгуулсан нийт тендер шалгаруулалтын 2017 онд 27 хувь, 2018 онд 89 хувь, 2019 онд 98 хувь, 2020 онд 99 хувийг цахим системээр дамжуулан зохион байгуулж байна. Худалдан авах ажиллагааны цахим систем нь одоогийн байдлаар аж ахуйн нэгжийн улсын бүртгэл, татварын өр төлбөр, цахим санхүүгийн тайлангийн мэдээлэл, шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, авто тээврийн хэрэгслийн лавлагааны мэдээллийн сантай харилцан мэдээлэл солилцож байгааг нэмэгдүүлэхээр хуульд төсөлд тусгасан.


Төрийн мэдээллийн сангууд хоорондоо хүний оролцоогүйгээр мэдээллээ солилцох нь тендер шалгаруулалтад оролцогч этгээдүүдийн чадавхыг бодитой, шуурхай хянан үзэх боломжийг бий болгоно. Хуулийн төслийг Сангийн яамны цахим хуудас, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэнтэй танилцаж, сонирхсон хүн танилцаж, саналаа өгөх боломжтой.


САНГИЙН ЯАМНЫ ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ГАЗАР

NEWS
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

4/3/2023

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

3/23/2023

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

3/7/2023

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2/28/2023

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

1/20/2023

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

1/11/2023

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Other news »